11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

Алдартнуудын бие хамгаалагч

“Рейчэль Мейррон! “Надад юу ч үгүй” дуугаараа” Оскарын шагналын эзнээр тодорлоо” хэмээн хөтлөгч номинацийн дугтуйг задлаад зарлалаа. Нэрт дуучин эмэгтэй тайзан дээр гарч ирэн шагналаа гардан авч үзэгчид рүү гараараа даллах тэр агшинд бие хамгаалагч нь түүнийг бууны сумнаас халхлан, урдуур нь орж шархдаж унана…

Энэ бол Холливудын жүжигчин Кевин Костнер, нэрт дуучин Уитни Хьюстон нарын хамтран тоглосон “Бие хамгаалагч” киноны хэсэг. Өөрийнхөө амиар дэнчин тавьж бусдын амийг хамгаалдаг мэргэжилтэй хүмүүс бол бие хамгаалагчид. Төрийн удирдагчид, олны танил алдартай, хөрөнгө чинээтэй хүмүүс ихэвчлэн тэднийг хөлсөлдөг. Зарим нь бие хамгаалагч хөлслөн амь насаа хамгаалуулдаг байхад  өөрийн имиж болгох нэгэн ч бас бий. Дүрэм ёсоор бие хамгаалагч нэг хүнд жилээс илүүгүй ажилладаг, хайр сэтгэлийн холбоотой байж болохгүйгээс гадна  ажиллах хугацаа нь дуусанаас хойш ч аливаа асуудлаар дахиж холбогддоггүй байна. Мэргэжлийн бие хамгаалагчид эсрэг хүйстэнтэйгээ хамтран ажиллах бол эхний өдрийг туршилтын болгодог аж. Хэрэв нэг нэгнээ сонирхох, таалагдах байдал ажиглагдвал  солигддог байна. Албан бус мэдээгээр өнөөдөр дэлхийд олны танил хүмүүсийг олон жил хамгаалж байгаа  бие хамгаалагчид 500 хүрэхгүй хэртэй тоологдох бөгөөд дунджаар 25-33 насныхан  аж.

Тэдний ажлын хөлс нь  хамгийн багаар цагт 30 ам.доллар, өдөрт 12 цагаас доошгүй ажилладаг байна. Хувийн бие хамгаалагчийн цалин, хөлсний талаарх мэдээлэл хатуу чанд нууцлалтай байх нь мэдээж. Гэхдээ зарим нэг мэдээллээр олны танил хүмүүсийн эхнэр, хүүхдийг хамгаалахад сард 1500-2000 ам.доллар,  амь насанд эрсдэлтэй,  томоохон бизнес, наймаа эрхлэгчдийн бие хамгаалагчид  арван мянган ам.доллараас доошгүй цалин авдаг.                       

Эмэгтэй бие хамгаалагч Энэхүү онцгой мэргэжлийг эрэгтэйчүүдээс гадна эмэгтэй хүн ч мөн эзэмшдэг. Маргарет Тетчер, Нэнси Рейган болон Раиса Горбачёва нар  цагтаа бүгд эмэгтэй бие хамгаалагчидтай байжээ.Эдгээр эмэгтэйчүүд улс төрийн өөр өөр цаг үед байсан бөгөөд тэднийг нэг л хүн хамгаалж байсан аж. Их Британийн гүнж Дианаг 1995 онд Москвад айлчлахад нь Оросын тусгай сургуулийн  шилдэг оюутан 20 настай эмэгтэйг бие хамгаалагчаар дагалдуулж байсан гэдэг. Орост төдийгүй Европт нэрд гарсан “Тату” хамтлаг “Евровидение” хөгжмийн наадамд урилгаар оролцоход нь Израилийн тусгай хамгаалалтын найман эмэгтэйтэй бүрэлдхүүн хамгаалж байв. Сансарын анхны эмэгтэй нисгэгч Валентина Терешкова, Гүржийн Ерөнхийлөгч асан Эдуард Шеварднадзе, Саддам Хусейн, Борис Ельцин, Алла Пугачёва, Холливудын нэрт жүжигчин Шарон Стоун гээд эмэгтэй хүнээр хамгаалуулдаг олон алдартнуудыг нэрлэж болно. Дорно зүгийнхэн эмэгтэй хүнийг “үхлийн салхи”-ийг мэдрэгчид хэмээдэг тул хаад, дээдэс,  язгууртнууд нь ихэнхдээ эмэгтэй бие хамгаалагчдыг илүүд үзнэ. Эмэгтэй бие хамгаалагчид гэр бүлтэй болж хүүхэд гаргаагүй, онгон биеэрээ шахуу байдаг. Зарим тохиолдолд тусгай мэс засал хийлгэн хүүхэд төрүүлэх чадваргүй ч болдог аж. Ингэснээр улам хэрцгий, догшин дайчин авиртай болох юм. Мөн ижил хүйстнээ сонирхдог эмэгтэйчүүд  энэ мэргэжлийг сонгох тохиолдол цөөнгүй. Ийм эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эсрэг хүйстний зүгээс гарах аливаа заналхийллийг илүү мэдрэх чадвартай болох нь судалгаагаар тогтоогджээ. Аливаа бие хамгаалагчдын хувийн намтар хуурамч байдаг.

1999 онд Америкийн нэгэн тагнуулч эмэгтэй хувийн амьдрал болоод  ажил мэргэжилтэйгээ холбоотой сонирхолтой баримтуудыг дэлгэсэн ном бичиж багагүй шуугиан дэгдээж байв. Номын зохиогч 19 настайдаа Лондоны цагдаагийн сургуульд элсэн орж, завтай цагаараа хувийн бие хамгаалагч хийж мөнгө олдог байжээ. Явандаа энэ нь үндсэн мэргэжил нь болсон байна. Тэрбээр арабын шейх, кино телевизийн олон алдартнуудыг хэрхэн хамгаалж  явснаа номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн аж. Цагтаа Михаил Горбачёвын хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Виктория Корчагина Оросын Төрийн тэргүүний хамгаалалтын албаны анхны эмэгтэй бие хамгаалагчид тооцогддог. Биатлоны тамирчин байсан тэрбээр КГБ-гийн  алдарт есдүгээр ротод бэлтгэгдснээр энэхүү мэргэжлийг эзэмшсэн нэгэн. Потанин, Березовский зэрэг Оросын олигархиуд, тэр ч байтугай Ливерпулийн алдарт дөрвөл “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни ч түүнийг бие хамгаалагчаараа хөлсөлж байсан юм. Оросын хамгийн залуухан буюу 21 настай, мэргэжлийн эмэгтэй бие хамгаалагч  Елена Михайличенко  карате, айкидо зэрэг бие хамгаалах урлагийг Японд эзэмшсэн, гар дээрээ тасралтгүй 150 удаа суниаж,  Калашкинов, Макаров болон Стечкин пулемётоор онц мэргэн буудаж, олны дундаас алуурчныг харцаараа илрүүлэх чадвартай.  Тэрбээр 19 настайгаасаа энэ мэргэжлийг эзэмшсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Армени, Украин, Поль зэрэг улс орны Төрийн тэргүүн нарын эхнэрийг хамгаалж байжээ. Дээр өгүүлснээр бие хамгаалагчид нэг хүнээ жилээс илүүгүй хугацаанд хамгаална гэсэн дүрэмтэй боловч  хамгаалуулж буй хүнийхээ хүсэлтээр хугацаагаа сунгаж ажиллах нэгэн ч бас бий.  Үүний нэг жишээ нь Холливудын нэрт жүжигчин Шарон Стоуны бие хамгаалагч эмэгтэй Тина Ларс гурав дахь жилдээ ажиллаж  байгаа аж.

Путины хамгаалалт Орос улсын түүхэнд төрийн лидерүүдийн амь насанд хүрч байсан нэг ч тохиолдол байдаггүй байна.  Байлдааны зэр зэвсгээрээ дэлхийд тэргүүлэгч орны хувьд хамгаалалтын алба нь мөн дээд зэргээр бэлтгэгдэн, хяналт сайтай ажилладаг нь үүний нэг нотолгоо биз ээ. Цагтаа улсын хэмжээний тагнуулчийн үүрэг гүйцэтгэж явсан, КГБ-гийн хуучин ажилтан, өнөөгийн Засгийн газрын тэргүүн Владимир Путин хувийн бие хамгаалагчаараа ямар хүнийг сонгох нь олны сонирхлыг татах нь гарцаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны тэргүүн Виктор Золотов нь Анатолий Собчакийг Санкт-Петербургийн амбан захирагч байхад нь  хувийн бие хамгаалагчаар нь ажиллаж байжээ. Владимир Путин 1999 онд Ерөнхий сайдын албанд томилогдохдоо Золотовыг өөрийн хувийн бие хамгаалаагчаар ажиллаач гэсэн хүсэлт тавьж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл амь насаа даатгасаар явна. Учрыг гадарлах хүмүүс Золотовыг ажлын гараагаа сантехникийн мэргэжилтнээс эхэлсэн гэж ярьдаг. Үнэхээр тэрбээр Дотоод яаманд ахлах сантехникч хийж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг аж. Хэдий ийм боловч Золотов мэргэжлийн түвшинд бие хамгаалагч болж чадсан. Ихэнх бие хамгаалагчид хар нүдний шил зүүдэг. Энэ нь  тэдний загвар, гадаад үзэмжид зориулагдаагүй нь мэдээж. Нар гялбахаас зайлсхийж байгаагаас гадна хамгаалагчийн нүдний харц хаашаа харж байгааг аюулт этгээдэд мэдэгдүүлэхгүй гэдэг байна.

Мөн аливаа зэвсгийн төмөр гялтагнах нь хар нүдний шилэнд маш сайн харагддаг аж. Золотовын хувьд ажлын өдөр нь өглөөний 4.00 цагт эхэлдэг бөгөөд хоёр цагийн хугацаанд бие халаалт хийж, ажлын бэлтгэлээ хангадаг байна. Ингээд хамгаалж буй хүнээ өөрийг нь дуудах хүртэл бэлэн байдалд  хүлээж байдаг аж. Тэрбээр Путины  бие хамгаалагч болсноосоо хойш гурван ч удаа Засгийн газрын тэргүүний амь насанд халдах гэж буйг илрүүлж байсан юм. 2000 оны хоёрдугаар сард Анатолий Собчакийг оршуулах ёслол, мөн оны наймдугаар сард Ялтад болсон Оросын бүрэлдхүүнт орнуудын дээд хэмжээний уулзалт,  2002 оны  нэгдүгээр сард Бакуд албан ёсны айлчлалын үеэр халдахаар төлөвлөсөн байжээ.  
Оросын Төрийн тэргүүн нарын хувийн бие хамгаалагчид хэрэглэх есөн мм-ийн  урттай “Гюрза” загварын гар буу нь сумгүй байхдаа 995 гр жинтэй, алсын тусгал нь 100 метр, сум нь цагт 420 км хурдтай, минутад 40 удаа буудах чадвартай. Тус зэвсгийн онцлог нь сум нэвтэрдэггүй биетийг 50 метрийн зайнаас нэвтэлдэг байна. Өмсгөлийн хувьд пулемётны сум нэвтэрдэггүй.  Олон улсын уулзалт гэх зэрэг онцгой тохиолдолд бие хамгаалагчид гартаа сум нэвтэрдэггүй хавтас, цүнх барьдаг.   

Дэлхийн лидерүүдийн бие хамгаалагчид 

XX зууны томоохон аллага бол 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедигийн амь насанд халдсан явдал. Тэрбээр задгай машинтай 20 мянга гаруй цонхны өмнүүр явсан юм. Тухайн үед тусгай хамгаалалтын албаныхан Ерөнхийлөгчийг машины сум нэвтэрдэггүй цонхыг дээш болгож болохгүйг анхааруулж байсан гэдэг. Харин Кеннеди  машины цонхыг буулгаснаар ард түмэнтэйгээ илүү ойроос мэндчилнэ гэж үзсэн аж. Уг нь АНУ-ын хуулинд зааснаар Ерөнхийлөгч нь хамгаалалтын тусгай албаны аливаа шаардлагыг  шууд биелүүлэх ёстой гэж заасан байдаг. Жон Кеннедигийн хувийн бие хамгаалагч аллагын үед түүнээс арав гаруй метрийн хол зайд байж, амь насыг нь хамгаалж чадаагүй гэж буруутгагдан шийтгүүлсэн юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Индра Гандигийн амь насанд нийт таван удаа халдаж байжээ. 1984 онд өөрийнх нь хувийн хамгаалалтыхан амийг нь хөнөөсөн юм.  Түүний хүү Ражив Ганди төрийн тусгай хамгаалалтыг өөрийн итгэлтэй хүмүүсээр сольсон боловч өөрийнх нь хувийн бие хамгаалагч эмэгтэй амиа золислогч байж, 1990 онд тэд тэсрэх бөмбөгт хамтдаа амиа алдсан. Цаг үеэ даган техник хэрэгсэл гээд улс орнуудын аливаа хамгаалалтын алба мэдэгдэхүйц сайжирч, туршлагажиж байгаа болохоор  улс төрийн томоохон лидерүүдийн амь насанд халдах явдал  сүүлийн жилүүдэд харьцангуй багассан гэхэд болно. Сүүлийн 30 жилд дэлхий дахинд Мозамбик, Египет болон Болив зэрэг орнуудын Ерөнхийлөгчид гадны халдлагад амь насаа алджээ.
Ричард Делла: ЕрӨнхийлӨгЧийн бие хамгаалагЧ  улс орнууудын авто замыг нэг бҮрЧлэн мэддэг байх Ёстой
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын албанд олон жил ажилласан туршлагатай нэгэн. Ричард Делла том Жорж Бушийн үеэс тус улсын    томоохон лидерүүдийн хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд өөрийн ажил мэргэжлийн онцлогийн талаар зарим нэг зүйлийг сонирхуулжээ.

-Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтад ажилд ороход биеийн ямар үзүүлэлт шаардлага хангах вэ?
-35-аас доош насны, 175-190 см өндөртэй, 75-90 кг жинтэй байх.
-Ерөнхийлөгчийн бие хамгаалагч юу хийж чаддаг байх хэрэгтэй вэ? Бие хамгаалах урлагийг эзэмшсэн, хоёр гараараа зэрэг буудах чадвартай байх уу?
-Юуны өмнө зөв бодож чаддаг байх. Төрийн тэргүүний бие хамгаалагч сэтгэл зүйн өндөр чадвартай,  аюулыг урьдчилан мэдэрч мэдэж түүнээс сэргийлж чаддаг байх хэрэгтэй юм. Бие хамгаалах төрөл бүрээс 30 янзын мэх  эзэмшсэн, зэвсгийн бүх төрлийг ашиглах чадвартай байна. Ерөнхийлөгчийг айлчлах улс орны хотуудын авто замыг нэг бүрчлэн судалж, мэдсэн байх ёстой. Зам бүрийг шүү дээ. Мөн аливаа хорт бодисыг ялгадаг байх. Энэ бүхнээс гадна  маш олон зүйлд бэлтгэгдэнэ дээ.
-Ингэхэд бие хамгаалагчдын хувцас өмсгөлийг хаана оёж, хийдэг юм бэ?
-Аливаа улс орны тусгай хамгаалалт нь хувцас өмсгөл хийдэг тусгай баг мэргэжилтнүүдтэй. Улсын нууцад хамаардаг болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.