11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

А.Гитлерийн бие хамгаалагч

Би А.Гитлерийн бие хамгаалагч байсан
2012 оны 12 сарын 23

Гартаа А.Гитлерийн ховорхон зургуудын нэгийг барьж суугаа энэ хүнийг Рохус Миш гэдэг. Өдгөө 92 нас зооглосон Рохус Миш бол гялалзсан залуу офицер явахдаа фюрерийн бие хамгаалагч, туслах, утасны оператороор таван жил ажиллаж байсан нэгэн юм.

Тэр бол А.Гитлерийг амиа хорлосон байхыг харсан цөөхөн гэрчийн нэг төдийгүй нацист удирдагчийн амьдралын сүүлчийн мөчүүдээ өнгөрүүлсэн хоргодох байранд байсан хүмүүсээс одоо амьд сэрүүн үлдсэн хамгийн сүүлчийн хүн юм.
CC-ийн дүрэмт хувцсаар гоёсон дэгжин, залуу насандаа Рохус Миш фюрерийн бие хамгаалагч болжээ. 1917 онд Польшийн Ополе тосгонд төрж, бага насандаа өнчирч, эмээгийн гар дээр өссөн түүнийг нацист удирдагчийн бие хамгаалагчаар авахын өмнө А.Гитлерийн ахлах туслах Брукнер түүний удам угсаа, гэр бүлийн тухай нэлээд зүйл асууж шалгаж байжээ. Тэрээр Рохус Мишийг нэг өрөө руу дагуулан ороход түүний өмнө фюрер дүрээрээ зогсч байж. Тэрээр фюрертэй нүүр учирсан анхны уулзалтынхаа тухай “Хаалга нээгдэхэд фюрер миний өмнө зогсч байв. Түүнийг хармагц миний нуруу руу хүйт оргисон. Фюрер л бол фюрер шүү дээ. Бүх германчуудын хувьд тэр ямар хүн байсан надад ч бас тийм л байсан. Түүнийг ярихад царай нь төв, үг нь товч тодорхой, шулуухан, гэхдээ их боловсон ярьдаг, яг л жентельмэн хүн байсан” гэж дурсч байна.
Рохус Миш 1940-1945 онд фюрерийн дэргэд ажиллаж байсан юм. Түүний ярьснаар А.Гитлер гадуур явахдаа 4-6 бие хамгаалагч дагуулан явдаг байснаас Рохус Миш дандаа хоёр дахь машинд сууж явдаг байжээ. А.Гитлерийн бие хамгаалагчдын гүйцэтгэх үүрэг албан өрөөнд орохоор өөрчлөгдөж, утасны оператор болдог байж. Фюрертэй холбогдох гэсэн олон зуун дуудлагыг тэд зохицуулдаг байсан аж.
Фюрерийн ойр таван жил байсны хувьд Рохус Мишт А.Гитлер болон түүний эхнэр Эва Брауны 60-аад жилийн тэртээх ховорхон зургууд хадгалагдаж байдаг. Түүний заримыг нь Рохус Миш өөрөө авсан юм байна.
Нацистуудын хувьд байдал эгзэгтэй болж ирсэн, дайны төгсгөл үе буюу 1945 оны дөрвөөс тавдугаар сарын хооронд Рохус Миш А.Гитлерийн “алдарт” хоргодох байранд цуг байжээ. Тэр үед Рохус Миш 27-той байж. Түүний ярьж буйгаар хоргодох байр тийм ч том биш, хэрэв агаарын довтолгоо болбол илүү нэг л хүнийг багтаах цөөхөн өрөөтэй байж. Өрөөнүүд нь 10-12 хавтгай дөрвөлжин метр хэмжээтэй. Энэ газраас үлдсэн хамгийн сүүлчийн гэрч Рохус Миш өдгөө уг хоргодох байрнаас 200 гаруйхан метрийн зайтай амьдарч буй.
Рохус Миш 1945 оны тавдугаар сарын  2-нд хоргодох байрнаас зугтан гарчээ. Энэ бол Адольф Гитлер эхнэрийн хамт амиа егүүтгэснээс гурван өдрийн дараа гэсэн үг. Одоо ч маргаантай яригддаг түүхийн чухал хэсэг болсон энэ явдлын тухай Рохус Миш ийн дурсч байна. “Фюрерийн туслах гэнэт миний нэрийг чанга чанга дуудаад ороод ирсэн. Тэр надад “Линже, Линже. Сая нэг юм болчихлоо. Би буун дуун сонссон” гэж хэлэв. Харин би тэр буун дууг нь сонсоогүй юм. Яг тэр мөчид Гитлерийн хувийн нарийн бичиг Мартин Борманн биднийг бүгд чимээгүй байхыг тушаасан. Бид тэгээд залбирч эхэлсэн. Харин утас гэнэт дуугарахад би аваад аль болох чангаар, юу ч болоогүй мэт ярихыг хичээсэн. Учир нь, бид өөрийгөө хоргодох байранд байгаа гэдгийг мэдэгдэж болохгүй байсан юм. Ингээд удалгүй Борманн фюрерийн өрөөг онгойлгохыг тушаав. Биднийг ороход А.Гитлер толгойгоо ширээ рүү шаагаад уначихсан, Эва Браун булангийн буйдан дээр фюрер рүү толгойгоо харуулаад, өвдгөө цээж хүртлээ татчихсан байдалтай, аль хэдийнэ амьсгал хураасан байлаа. Хатагтай тэр үед цагаан захтай хөх даашинз өмссөн байсныг би хэзээ ч мартдаггүй юм. Хоргодох байранд байсан хүмүүс фюрерийг даавуунд ороогоод дээш авч гарсан. Гэтэл дээр хэн нэгэн “дээшээ хурдан гараад ирээч, тэд фюрерийг шатааж байна” гэж орилсон. Харин би дээш гарахыг хүсээгүй. Тэр үед миний хажууд байсан Хенцшелд “Бид сүүлчийн гэрч байсныхаа төлөө алуулна даа” гэж би хэлж байсан.  Энэ явдлаас хэдхэн цагийн дараа бас нэг явдлыг би өөрийн нүдээр харсан. Хоргодох байранд шинэ удирдагч Иозеф Геббельс зургаан хүүхэдтэйгээ бууж ирсэн. Тэр тэнд хүүхдүүдээ хөнөөх гэж орж ирсэн юм. Үнэндээ Геббельсийнхэн өөрсдийн гараар, бүр ээж нь хүүхдүүдээ хороосон юм шүү дээ. Геббельс намайг дуудаад “Ноён Миш, Магда /Геббельсийн эхнэр/ хүүхдүүдээ хороох гэж энд ирсэн юм. Газар дээр бол түүнийг зогсоох олон хүн байгаа учраас энд орж ирсэн юм” гэж тэр надад хэлсэн. Тэр үед хэнд ч хоргодох байр руу нэвтрэхийг зөвшөөрдөггүй байсан учраас тэдэнд саад болох хүн байгаагүй л дээ. Зөвхөн тэнд байсан хүмүүс л юу болж байгааг мэдэж байв. Гитлерийн эмч Штампфеггер хүүхдүүдэд ямар нэг юм уулгахыг би харсан. Чихэрлэг  төрлийн зүйл байх шиг байсан. Штампфеггер явж, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ үлдсэн. Нэг билүү хоёр цагийн дараа хатагтай Геббельс өрөөнөөс уйлсаар гарч ирэв. Гэвч тэр удалгүй тайвширч, хөзөр тоглож эхэлсэн шүү.  Энэ явдлын дараа, Улаан арми хоргодох байрыг олж эзлэхээс хэдхэн цагийн өмнө би хоргодох байрнаас зугтсан даа” хэмээн дурсч байна.
Рохус Мишийг тавдугаар сарын 2-нд хоргодох байрнаас гарахын өмнөхөн Геббельс “Бид яаж амьдрахаа мэднэ. Бид бас яаж үхэхээ ч мэднэ” гэж хэлж байжээ. Тэндээс явахын өмнө тэрээр телефон утасны шугамыг бүгдийг нь устгаад, хоргодох байрны цонхоор гарч явжээ. Тэрээр Улаан арми орж ирэхээс өмнө зугтсан ч төдий л хол явж чадалгүй, ойролцоохь галт тэрэгний буудлаас баригдсан байна. Улаан армид олзлогдогсдын дунд А.Гитлерийн хувийн нисэгч Ханс Баур байсан нь Рохус Мишд гай болжээ. Ханс Баур түүнийг фюрерийн бие хамгаалагч байсан гэдгийг зөвлөлтийнхөнд илчилснаар Рохус Миш Орост есөн жил хоригдсон юм. Казахстан, Уралд хоригдож, эрүү шүүлт амсч, тарчилж зовсон олон жилийн дараа Рохус Миш өөрийгөө цаазаар аваад өгөөч гэж Л.Берияд захидал хүртэл бичиж байж. Гэвч тэр хүний нутагт ясаа тавих азгүй хувь тавилантай хүн биш байжээ. 1954 онд эх орондоо эргэж ирсэн байна.
Рохус Миш Берлинд эргэж ирсний дараа багадаа зар сурталчилгааны хуудас буддаг байсан туршлагаараа хуучны найзынхаа хамт зургийн бизнес хийж байгаад тэтгэвэртээ гарчээ.  Тэрээр “Би Гитлерийн бие хамгаалагч байсан” дурсамж ном бичсэн нь хэд хэдэн хэлээр хөрвүүлэгдсэний зэрэгцээ А.Гитлерийг хөнөөх “Долдугаар сарын 20-ний хуйвалдаан”-ы тухай “Валкери” киноны зөвлөхөөр ажиллажээ.